ЭМХ ЦЭГЦТЭЙ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙГ ХЭРХЭН БИЙ БОЛГОХ ВЭ ?

5/20/2019 3:47:18 PM      1263

ЭМХ ЦЭГЦТЭЙ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙГ ХЭРХЭН БИЙ БОЛГОХ ВЭ ?

Сүүлийн жилүүдэд минимал амьдралын хэв маяг, үүнийгээ дагаад эмх цэгцтэй амьдралын хэв маяг, зарчим хүмүүсийн дунд түлхүү дэлгэрч хүн бүр ямарваа нэгэн байдлаар туршиж, амьдралдаа хэвшүүлж, бусдыгаа уриалах болсон. Харин таны амьдралдаа хийх энэхүү өөрчлөлт хэр үр дүнд хүрсэн бэ?

Эмх цэгц гэдэг нь зөвхөн гэр доторх зүйлсийг цэвэрлэж янзлах мэтээр өнгөц ойлгох нь өрөөсгөл юм. Хэдийгээр энэ нь амьдралын энгийн, мэдээжийн зүйл мэт санагдах боловч яг л сайн зуршлыг амьдралдаа бий болгохтой адил зүйл юм. 

Зуршлыг өөртөө бүрэн дадал болгоход сарын хугацаа хангалттай гэдэг шиг эмх цэгцтэй амьдралын хэв маягийг бүрдүүлэхэд хэд хэдэн үйлдлийг өөртөө болон гэр бүлийнхээ гишүүдэд хэвшил болгох нь чухал юм. Тиймээс энэ удаагийн нийтлэлээрээ энэ цаг үеийн илэрхийлэл болсон эмх цэгцтэй амьдралыг хэрхэн хэвшүүлэх тухай бяцхан зөвлөмжийг хүргэж байна.



Материаллаг сэтгэлгээг халах Бид нэг л мэдэхэд хэрэглээнээсээ хэтэрсэн эд хогшил, хувцас, эд юмстай болсон байдаг бөгөөд өөрсдөө ч анзааралгүй тэднийхээ нөлөөнд автан түүндээ стрессдэж, бухимдаж эхэлдэг. Цаашлаад өөрийгөө бусдын эд хөрөнгө, эд юмстай харьцуулан дүгнэн одоогийн өөрийгөө үгүйсгэх нь олонтаа. Тиймээс таны хамгийн эхэнд хийх зүйл бол дараа хэрэглэнэ гэж аливаа зүйлийг хадгалах биш одоо өдөр тутмын амьдралд тань хэрэглэгддэг эд зүйл, хувцас, эд хогшилд хөрөнгө оруулж, өөртэйгөө хамт үлдээх явдал юм.


Эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэх Эмх цэгцтэй амьдрах гэдгийг эргэн тойрныхоо эд хогшлыг гаргаж хаяад хоосон шахуу өрөөнд суухын нэр бас биш юм. Эд зүйлсээс гадна өөртэйгөө ажиллах нь дараагийн нэг шат. Өглөө эрт босох, дасгал сургуулилт хийх, эрүүл хооллох, эрүүл мэнддээ анхаарах, оюундаа хөрөнгө оруулах гэх мэт цэгцтэй амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлэх нь сэтгэл санаа цаашлаад аливааг харах өнцөгт эерэг өөрчлөлтийг авчрах болно.


Оюун бодлоо удирдах Дээр дурдсанчлан эмх цэгцтэй байна гэдэг гэр орноо цэвэрлэж, цэгцлэхийн нэр бус хүн өөрийн амьдралд хэрэг болох, болохгүй зүйлсийг ангилж ялгаснаар давхар оюун бодлоо цэгцэлж, өөрийгөө танин мэдэж, цаашдын зорилгоо тодорхойлоход нөлөөлөх өргөн хүрээтэй ойлголт юм. Нөгөө талаар эмх цэгц гэдэг зүйлийг хэт дэвэргэн бодоод хэт минимал хэв маягийг баримтлан хар цагаан өнгийн хувцсаар шүүгээ дүүргэн, модон эд хогшил хэрэглэ гэж хэлсэнгүй. Нэгэнт л та эмх цэгцтэй, тав тухтай, тайван, стресс бухимдлаас холуур амьдрахыг хүссэн бол хэрэгтэй, хэрэггүй зүйлсийн ялгааг сайтар ялгаж, салгаж ойлгон сонголтоо зөв хийхэд анхаарлаа хандуулаарай.



Зээлийн тооцоолуур
Фэйсбүүк чат
Холбоо барих