“Парк Таун” бонд болон хөрөнгийн зах зээлийн өнөөгийн хөгжлийн талаар

12/3/2018 9:24:40 AM      567

“Парк Таун” бонд болон хөрөнгийн зах зээлийн өнөөгийн хөгжлийн талаар

​Ж.Дэлгэрсайхан: Компаниуд хөрөнгийн зах зээлийн ач холбогдлыг ойлгож эхэлсэн байна

Хөрөнгийн зах зээлд үгүйлэгдэж байсан компанийн бонд эргэн ирлээ. Энэ оны турш хувьцаа давамгайлсан дотоодын хөрөнгийн зах зээлд “Парк Таун” гэсэн шинэ бүтээгдэхүүн олон нийтийн хүртээл болж, анхдагч зах зээлийн захиалга үргэлжилж байна. Орон нутагт барилга, бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Минж Проперти” компани 2018 оны анхны бондыг “Монголын үнэт цаасны бирж”-ээр дамжуулан нээлттэй хүрээнд гаргаад буй. Ингээд нэг тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий “Парк Таун” бонд болон хөрөнгийн зах зээлийн өнөөгийн хөгжлийн талаар Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш, судлаач Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Монголд өрийн бичиг буюу бондын зах зээлийг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага их байна-

-2000 оны эхээр эрчимжиж байсан компанийн бонд сүүлийн жилүүдэд татарсан. Тэгвэл энэ оны анхны компанийн бонд “Парк Таун” болж байна. Орон нутгийн компани ингээд хөрөнгийн зах зээлийн босго, шаардлагыг нь хангаад гараад ирлээ. Энэ үйл явдал манай улсын дотоодын хөрөнгийн зах зээлд, ялангуяа бондын зах зээлд ямар “мессеж” өгч байна вэ?

-Хөрөнгийн зах зээлийг горилж байгаа, алсдаа энэ зах зээлд хөл тавихаар битүүхэн бэлтгэлээ хангаж буй компаниудад томоохон итгэл, урам зориг энэ үйл явдал өгч байна. Нөгөө талдаа компаниудад хөрөнгийн зах зээл хол биш юм байна, бид өөрсдөө зүтгээд, зориод үзвэл, шаардлагыг нь хангаж чадвал боломж байна гэсэн сайны дохио боллоо. Компани олон нийтийн засаглалтай, нээлттэй болсноор хөрөнгө оруулагчдын өмнө тодорхой хэмжээний үүрэг, хариуцлага хүлээж таарна. Үүнийг дагаад илүү хөгжих, илүү томоор харах, сэтгэх боломжийг хөрөнгийн зах зээл олгодог давуу талтай. Монголд хөрөнгийн зах зээл шинэ тутам хөгжиж явна. Одоогийн түвшнээс илүү байх боломж байсныг үгүйсгэх аргагүй. Энэ байдалд өнгөрсөн хугацаанд төрөөс явуулж ирсэн бодлого, улс орны эдийн засаг их, бага хэмжээгээр нөлөөлсөн, эдгээрээс шалтгаалсан зүйлс ч байсан. Харин сүүлийн үед эдийн засагт нааштай хандлага ажиглагдаж, үүний зэрэгцээ хөрөнгийн зах зээлийн ач холбогдлыг бизнесийн байгууллагууд болон олон нийт ойлгож, олж харж эхэллээ. Ингэснээр компаниудад ч санхүүжилтийн шинэ гарц нээгдэж байна.

-Аж ахуйн нэгж, компани банкны өндөр хүүтэй зээлээр өөрсдийн үйл ажиллагаагаа санхүүжүүлж, бизнесийн амаргүй нөхцөлд ажиллаж байна. Тэгвэл зөвхөн банкнаас санхүүжилт горьдож суух бус санхүүгийн зах зээлийн өөр боломж бас байгаа нь компанийн бонд, хувьцаа гэж ойлгоод авч болох уу?

-Санхүүжилтийн шинэ цонх, сонголт нэмэгдэж, нээгдэж байна гэсэн үг. Тухайн компани үнэт цаасны зах зээлээр дамжуулан хувьцаа, бонд гаргаж санхүүжилт татна гэдэг банкны зээлд тулгуурлаж бизнес явуулахаас хамаагүй олон давуу талтай. Үүнийг манай бизнес эрхлэгчид, томоохон компаниуд анзаарах хэрэгтэй. Хамгийн гол давуу тал бол компани хөрөнгийн зах зээл дээр гарах, тэр хэмжээнд очих маш чухал төдийгүй үйл ажиллагаанд нь бодитой ахиц, дэвшил гардаг. Ингээд зогсохгүй компанийн засаглал, санхүүгийн тайлагнал, нээлттэй ил тод байдал олон зүйлийг хөрөнгийн зах зээл шаарддаг. Үүний хэрээр компанийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, ажил үүргийн хуваарилалт, гүйцэтгэл чамбайрдаг. Өнөөдөр орон нутагт, хүн амын орон сууцны нөхцөлийг сайжруулахаар ажиллаж байгаа цөөнгүй компани бий. Тэдний дундаас хязгаарлагдмал хариуцлагатай компани төслийнхөө тодорхой хэсгийг санхүүжүүлэх зорилгоор бонд гаргаж, нээлттэй хүрээнд арилжаалж байгаа нь хөрөнгийн зах зээлийн хувьд маш шинэлэг бөгөөд бидний олзуурхаж хүлээж авах үйл явдал болж байна.

-Орон нутгийн компани бонд гаргаж байсан тохиолдол хэр их байдаг вэ?

-Анхны, ялангуяа орон нутгийн барилгын салбарын нэг төлөөлөл, түүний нүүр царай нь болсон компани бонд гаргаж байгаа нь түүхэнд тэмдэглүүштэй арга хэмжээ болж байна. Үнэт цаасны тухай хуульд зааж өгснөөр компани хаалттай, нээлттэйгээс үл хамаараад энэ зах зээлд оролцох боломжтой. Өнөөг хүртэл орон нутгийн барилгын компани бонд гаргаж байсангүй, харин энэ “хаалга”-ыг “Парк Таун” нээж өгч байна. Хөрөнгийн зах зээлээс, тодруулбал, олон нийтээс санхүүжилт авснаар тухайн компани бусдадаа зөвхөн банкны зээл гэсэн санхүүжилтээс гадуур өөр санхүүжилт татаж болох юм байна гэсэн итгэл үнэмшил болж, жишиг тогтоож байна. Ер нь бүхий л компаниуд хөрөнгийн зах зээлээр дамжуулж дотоодоос эх үүсвэр татах  боломжийг олж, компаниа хөгжүүлж энэ түвшинд хүрэхийн төлөө зорих хэрэгтэй.

-Зарим барилгын компани хаалттай хүрээнд бонд гаргаж байсан. “Минж Проперти” компанийн хувьд нээлттэй хүрээнд бондоо гаргаж, хэн хүссэн нь авч болохуйц байдлаар гаргаж байгаа. Нээлттэй хүрээнд, өөрийн хөрөнгөөр баталгаажсан бонд гаргаж байгаа нь эрсдэл хамгийн багатай гэж ойлгож болох уу. Үүний онцлог нь юу вэ?

-Хөрөнгийн зах зээлд шинэлэг үзэгдэл болоод зогсохгүй бондын агуулгаараа нэлээд өвөрмөц санхүүгийн бүтээгдэхүүн болж байна. Энэ нь таны хэлснээр олон нийтэд нээлттэй хүрээнд өрийн бичиг арилжаалж байгаа хэрэг. Ингэснээр хөрөнгө оруулагч, иргэд сул чөлөөтэй мөнгөн хөрөнгөтэй хэн ч энэ бондын зах зээлд оролцож, бондын зах зээлийн өндөр өгөөжийг хүртэх боломжтой. Нөгөө талаасаа компани бондын зах зээлд оролцсоноор зээлийн хүүгээс харьцангуй бага зардалтай эх үүсвэр татах боломж бүрдэж байгаагаараа онцлог. Бондын төрлийн хувьд хөрөнгөөр баталгаажсан бонд гэсэн төрөлд хамаарч байгаа бондын хувьд өөрийн хөрөнгөөр баталгаажсан бонд анх удаа санал болгож байгаа нь тэмдэглүүштэй алхам. Тухайн бондын хэлбэр нь Монголд өнөөдрийг хүртэл тогтсон зөвхөн биет хөрөнгөөр барьцаалагдсан, баталгаажсан зээл, санхүүгийн харилцаа явагдаж байсан энэ дэг жаягийг эвдэж байгаагаараа онцлог. Тодорхой барьцааны талаарх бидний ойлголт, явж ирсэн практикийг шат ахиулсан нөхцөл байдал эндээс харагдаж байна. Тухайн компанийн өөрийн хөрөнгөөр баталгаажна гэдэг компанийн тодорхой нэг ширээ сандал эсвэл зүгээр нэг байшин барилга биш юм. Тухайн компани бүхэлд нь энэ бондын баталгаа нь болж байгаа гэдгээрээ ихээхэн онцлог. Энэ нь эрсдэлийг улам бууруулж өгч байна. Энэ бонд хөрөнгө оруулагчдад боломж олгохоос гадна барьцааны асуудлыг илүү их шинэ түвшинд гаргаж ирж байна.

-Энэ оны хувьд банк, санхүүгийн компаниудын хувьцаа арилжаанд шинээр орж ирсэн. Компанийн бонд гэдэг хувьцаатай харьцуулахад ямархуу онцлогтой бүтээгдэхүүн юм бэ?

-Ер нь хөрөнгийн зах зээл дээрх суурь гол бүтээгдэхүүн хувьцаа, бонд. Манайд эхэнд дурдсанчлан эдийн засгийн сэргэлт, компаниуд хөрөнгийн зах зээлийн боломжийг олж харах, ашиглах хүсэл тэмүүлэлтэй болсон байна. Нээлттэй болохын давуу тал, ач холбогдлыг ойлгож, олон нийтийн компани болох, үүнийг улам бүр эрчимжүүлэх сонирхол давамгайлж, энэ шинэ хандлага идэвхжиж байна. Нэлээд олон компани IPO  хийх замаар, хөрөнгийн зах зээлд шинээр гарч ирлээ. Энэ бол маш сайн зүйл мөн. Бонд Монголд цаг зуурын шинж чанартай үзэгдэл болж гарч ирж байсан. 2000 оноос нэлээд олон бонд гарч байсан боловч бондын зах зээл харьцангуй тогтмолжиж чадаагүй. “Монголын үнэт цаасны бирж” шинэ тутам хөгжиж буй зах зээлийн хөгжлийг дэмжиж байгаа. Нээлттэй бонд гэдэг зүйлийг гаргаж ирсэн нь хөрөнгийн зах зээлийн зайлшгүй байх ёстой нэг томоохон хэсэг бөгөөд энэ зах зээлийг хөгжүүлэхэд их ач холбогдолтой үйл явдал болж байна. Зээлийн хүү өндөр байна, хадгаламжийн хүү буурахгүй байна  гэдгийн нэг гарц бол хөрөнгийн зах зээлд хувьцаанаас гадна өрийн бичгийн зах зээл хөгжих явдал юм. Энэ нь ч гэсэн томоохон түлхэц болно гэсэн хүлээлттэй байна. Олон нийт бондыг авснаар түүний үр ашигтай гэдгийг ойлгож, өгөөж нь нийт ард түмэнд үүнийг мэдрүүлсэн үйл явдал болох байх. Бондын чанарын хувьд харьцангуй сайн бонд гэж харж байгаа.

-Засгийн газрын бонд арилжаа зогссон, Монголбанк бодлогын хүүгээ сая нэг хувиар нэмэгдүүлж, 11 хувь болголоо. “Парк Таун” бондын хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа 17 хувь хэр бодитой, боломжтой хүү вэ?

-Бондын зах зээлийн орон зайд үнэт цаас гаргаж, санхүүжилт татаж байгаа талд энэ нь банкны зээлтэй харьцангуй бага зардалтай эх үүсвэр болдог. Нөгөө талдаа хөрөнгө оруулагч тал хадгаламж хэмээх бүтээгдэхүүнээс харьцангуй өндөр өгөөж хүртдэг давуу талтай. Өөрөөр хэлбэл, хоёр тал хоёулаа харилцан ашигтай энэ зах зээл дээр ажиллах боломжтой гэсэн үг. Нэг нь зардал багатай эх үүсвэр босгох бол, нөгөө нь өндөр өгөөжтэй байна гэсэн үг. Өнөөдрийн 17 хувийн өгөөж тухайн гаргаж байгаа компанид боломжтой хүүгийн түвшин. Зээлийн хүү жигнэсэн дундаж хүү нэлээн буурсан гээд байгаа боловч энэ оны гуравдугаар улирлын байдлаар үүнээс хамаагүй өндөр хэвээр байна. Хадгаламжийн 12.3 хувьтай байна. Санал болгож байгаа хүүгийн түвшин банкны хадгаламжийн хүүгээс их байгаа биз. Бонд бол аль аль талдаа давуу талтай бүтээгдэхүүн. Ялангуяа хөрөнгө оруулагч талд эндээс илүү өндөр өгөөж хүртэх боломжийг олгодог онцлогтой. Хадгаламж, хувьцаа, бонд гэсэн хөрөнгө оруулалт төрөлжиж байснаар илүү сонголттой болгож, өгөөж, эрсдэлд тохирсон төлбөрийн нөхцөл бүрдүүлж байдаг. “Парк Таун”-ыг зах зээлд боломжийн өндөр хүүтэй гэж харж байна. 

www.itoim.mn-ээс



Зээлийн тооцоолуур
Фэйсбүүк чат
Холбоо барих