5/21/2020 2:01:59 PM 1387
Сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн хөл хорио 9 сарын 1 хүртэл сунгагдлаа. Яг энэ үед бяцхан үрс гэртээ уйдаж, хийх байхаа олж ядаж байгаа нь тодорхой.
Тиймээс бид хүүхдүүдтэйгээ хөгжилдөх 10 тоглоомын аргыг жагсаалаа. Хүүхдийнхээ бага насыг дурсамж дүүрэн болгохыг хүсвэл та өөрөө маш идэвх, зүтгэл, сэтгэл гаргах хэрэгтэй шүү. Ингээд эхэлцгээе.
1.Хог хаягдлаа дахин ашиглах
Ундааны сав, бөглөө, нойлын цаасны гол, сэтгүүл, хуучин дэвтэр зэргээ ашиглаж хүүхдийнхээ зохион бүтээх сэтгэхүйг хөгжүүлээрэй. Охид сонин сэтгүүлээр хувцас урлаж, харин хөвгүүд ундааны сав, бөглөөгөөр машин урлахдаа гаргууд байх болно. Мөн зайрмагны ишээр байшин урлах боломжтой.
2.Цэцэг тарь
Цэцгийн дэлгүүрээс цэцгийн хөрс, үр, ваарыг нь аваад хүүхэдтэйгээ хамт цэцэг тарьж, арчилж ургуулаарай. Аливааг хайрладаг, нямбай хүн болон өсөхөд нь тустай арга шүү. Урьдчилж цэцэгээ сонгохдоо өөрт нь зургийг нь үзүүлж, хүүхдээрээ сонгуулаарай. Ингэснээр өөрийнхөө төсөөллийн цэцэг дэлгэрэхийг хүлээж, аз жаргалтайгаар, сэтгэлээсээ тарих болно.
3.Хатгамал хийж чимэглэ
Уламжлалт хатгамлын хэрэгслээр дэр, подволк дээрээ ямар нэгэн дүрс нэхээрэй. Үүнийг 6-аас дээш насныхан хийхэд илүү аюулгүй бас тохиромжтой байдаг.
4.Явган алхалт хий
Хэдийгээр хөл хорионы үеэр гадуур гарч болохгүй боловч цэцэрлэгт хүрээлэн, уулын замууд нээлттэй байгаа шүү дээ. Тиймээс аль болох өглөө бүр хүүхэдтэйгээ хамт явган алхалт хийхийг хичээгээрэй. Энэ нь өдөржин гэртээ өнжсөн хүүхдийн чинь бас таны биеийн чилээг гаргах хамгийн үр дүнтэй дасгал байх болно.
5.Саадыг даван гараарай
Гэрийнхээ өрөө хооронд явах замд саад бий болгоорой. Жишээ нь зочны өрөөнөөс угаалгын өрөөнд очих замдаа сандал доогуур мөлхөж, картон хайрцган дээгүүр үсэрч, ханан дахь тоглоомон сагсанд гоол оруулж байж угаалгын өрөөнд хүрвэл сонирхолтой биш гэж үү.
6.Далд хийсэн тоглоомоо гаргаад ир
Хэзээ ч юм авчхаад зав гаралгүй цааш хийсэн тоглоомоо одоо л гаргаж ирж гэр бүлээрээ тоглох цаг шүү. Олон жижиг хэсэгтэй эвлүүлдэг зураг, лего, кодоор буддаг зураг гэх мэт.
7.Бяцхан дизайнер
Гэрийнхээ тавилгыг хэрхэн өөрчлөх талаар хүүхдээсээ асуу. Тэдний саналаар гэрийнхээ зарим хэсгийг өөрчилж болно. Тэр тусмаа хүүхдийн өрөөг өөрсдийнх нь хүссэнээр засаж, янзлаарай. Гэрийн чинь интерьер онцгүй харагдаж байсан ч санаа зовох хэрэггүй. Учир нь хөл хорионы үеэр танайд зочид ирэхгүй шүү дээ.
8.Гэртээ уран зургийн сургууль байгуул
Хүүхдүүддээ зурах боломж, нөхцөлийг нь бүрдүүлж өгөөрэй. Тэд өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхийн зэрэгцээ орчин үеийн урлагийн талаар өөрсдөө эрж хайн мэдэж авах болно. Хамгийн гол нь тэдний бүтээлүүд сайн муу аль нь ч байсан аав ээжийгээ жаргалтай болгож, өөртөө итгэл итгэлийг нь нэмдэг.
9.Хөгжилтэй хоол хий
Тэдний дуртай хоолыг хэрхэн хийдэг талаар зааж, эсвэл өөрсдийнх нь жорын хоолыг хийлгэж үзээрэй. Хамгийн чухал нь магтаж урамшуулахаа бүү март.
10.Тоглоомуудаа халамжил бас тэдэнд хатуурх
Хүүхдийнхээ бүх тоглоомыг нэг дор бөөгнүүлж хүүхэдтэйгээ хамт хаях болон хандивлах тоглоомуудыг ялгаж, салгаарай. Эвдэрч хуучирсан тоглоомоо хаяж, харин тоглох сонирхолгүй болсныгоо найздаа, төрөл садны хүүхдэд, эсвэл тоглоом авах боломжгүй хэн нэгэнд хандивлаарай. Харин үлдсэн тоглоомоо зориулалтын уусмалд хийн угаагаарай.