Интерьер дизайны талаар таны мэдвэл зохих зүйлс

8/8/2018 11:37:52 AM      1512

Интерьер дизайны талаар таны мэдвэл зохих зүйлс

Хивс, хөшиг, тавилга, гэрэлтүүлэг, зураг, ханын өнгө зэрэг нь цөм интерьерийн бүрэлдэхүүн хэсэг болно. Интерьер чимэглэл гэдэг нь түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхой зорилгоор анхааралтай зохицуулах, санаандаа хүрэхүйцээр нийцүүлэхийн нэр юм. Ихэнх хүмүүс интерьер заслыг зөвхөн өрөө тасалгаа, гэр орныг чимэглэх явдал гэж үздэг. Гэвч мэргэжилтнүүд буюу интерьер дизайнерууд нь сургууль, албан байгууллага, номын сан, зочид буудал, жуулчны бааз, дэлгүүрийн интерьерийг ч төвөвлөн зохион бүтээдэг байна.

Интерьерт зориулсан дизайны төлөвлөлтийн хөгжлийн явцад дизайнерууд хэрэглэгдэх орон зай дахь бүх зүйлийг тодорхойлох ёстой болсон. Дизайнерууд хэн энэ орон зайг хэрэглэх гэж байгаа, ямар сэтгэхүйтэй байх вэ зэргийг эргэцүүлэн бодох хэрэгтэй болдог байна. 
Интерьер чимэглэл нь интерьер архитектурын хэлбэр, онцлог шинж болон дотоод орчны стильтэй холбоотой төдийгүй ойр дотно ойлголт юм.
       Жишээ нь: цонх, арк, шат, зуух зэрэг нь интерьер архитектурын хэсэг юм. 
Хэрэв архитектурын хийцийн зарим онцлог нь дизайны шийдэлд тохиромжгүй байвал дизайнерууд тавилга, өнгө болон бусад аргаар нуун далдлахаар зурж төлөвлөдөг байна. Заримдаа өөр аргаар буюу дизайны шийдэл гаргахдаа архитектурын элементийн онцлогийг дур булаасан, анхаарал татсан байхаар шийдвэрлэдэг байна.

 Дизайнерууд өөрсдийн шийдлийг интерьер архитектур аль болох зохицсон байдлаар шийдвэрлэхийг хичээдэг байна.

Ингээд интерьер дизайны талаар таны мэдвэл зохих зүйлсийг танилцуулж байна.



ТАВИЛГА ХООРОНДЫН ЗОХИЦОЛ - Ажил дээрээ эсвэл гэртээ хаана ч байсан тухайн орчин таныг хэн болохыг тодорхойлдог. Та аль ч урсгалыг таашаадаг байлаа, тухайн сонголт тань таны илүү тухтай, өөрөөрөө байх нөхцлийг бүрдүүлсэн байх хэрэгтэй. Дараа нь тухайн орчинд байгаа тавилга болон бусад эд зүйлсийн хоорондын зохицол, авцалдаа нь хэр таарч байгааг анхаараарай.


ЗОХИОН БАЙГУУЛАЛТАА ЦОГЦООР НЬ ХИЙХ - Бидний түгээмэл гаргадаг нэг алдаа бол гэрийнхээ зохион байгуулалтаа хийхдээ тус тусад нь төлөвлөж худалдан авалтаа хийдэг. Бид өнгө загварын хувьд ерөнхийдөө ойролцоо хэмээн нэг ёсондоо тавилгын цуглуулга хийж алдаа гаргадаг. Энэ нь яг таны анхны төсөөлсөн шиг орчин бий болохгүй байх нь олонтаа.


ТАВ ТУХТАЙ БАЙДАЛ - Гэртээ орж ирээд телевизийнхээ өмнө гэр бүлийнхэнтэйгээ суугаад дуртай киногоо үзэх сайхан биш гэж үү. Гэтэл буйдан тань хөлрөөд, порлоон нь суулт өгөөд тухгүй байвал хэцүү шүү дээ. Энэ санаагаар бид юу илэрхийлэхийг зорьсон бэ гэвэл, өнгө загварын хувьд үнэхээр сайн боловч тав тух, эдэлгээ даах байдал муу бол та тийм тавилга сонгоод хэрэггүй.


ЭНГИЙН ТУСМАА ЦЭВЭРХЭН - Сүүлийн үед хүмүүсийн сонголт, хэрэглээ улам энгийн болох хандлагатай байгаагаас үүдэн минимал хэв шинж тренд болох болсон. Энэ нь мөн адил интерьерийн шийдэлд нөлөөгөө үзүүлж байна. Хэт олон зүйл ил байх нь замбараагүй харагддаг. Бүх сувинер, жаазтай зургуудаа ил байрлуулах биш, харин чанартай 1-2 зүйл байрлуулах нь цэвэрхэн гэж үзэх болсон.


ОРЧИНТОЙГОО АЖИЛЛА - Та өрөөнийхөө зохион байгуулалт болон орон зайгаа илүү ухаалгаар ашиглаж болох шийдлийг ол. Өөрөөр хэлбэл сэтгүүлийн ширээ зөвхөн буйдангийн урд байх ёстой гэсэн дүрэм байхгүй шүү дээ.



Зээлийн тооцоолуур
Фэйсбүүк чат
Холбоо барих