Зээлдэгч даатгалд хамрагдсанаар ямар давуу тал үүсэх вэ?

9/10/2018 5:34:05 PM      445

Зээлдэгч даатгалд хамрагдсанаар ямар давуу тал үүсэх вэ?

Ипотекийн зээлийн журмын дагуу зээлдэгч өөрийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой эрсдэл болон худалдан авч зээлийн барьцаанд барьцаалж буй үл хөдлөх хөрөнгөө даатгуулах үүргийг хүлээдэг. Зэээлдэгч эрсдлийн улмаас тодорхой хэмжээгээр хөдөлмөрийн чадвараа алдах, бүр цаашлаад амь насаа алдсан тохиолдолд зээлээ төлөх боломжгүй болно. Энэ үед даатгагч нь тухайн зээлдэгчийн өмнөөс зээлийн төлбөрийг төлж барагдуулах үүрэг хүлээж байна гэсэн үг. Тиймээс даатгалыг ирээдүйд учирч болзошгүй эрсдлийг мэргэжлийн байгууллагад шилжүүлж, эд хөрөнгө, ашиг сонирхлоо хамгаалж байгаа арга хэрэгсэл гэдэг талаас нь харах хэрэгтэй юм.

Амь нас, эрүүл мэндтэй холбоотой даатгалаас гадна үл хөдлөх хөрөнгийн даатгал буюу барьцаа хөрөнгийн даатгал чухал. Орон сууцны зээл нь 30 жил хүртэл урт хугацаагаар олгогдож байгаа.

Зээлдэгч гэрээ хийсэн хугацааны туршид зээлийг сар бүр тогтмол төлөх, барьцаа хөрөнгө нь үнэлгээ, чанар байдлын хувьд буурахгүй байх шаардлагатай. 

Иймээс барьцаа хөрөнгийг эд хөрөнгийн даатгалд хамруулдаг. Хамгийн наад захын жишээ гэхэд, орон сууцанд ус алдсаны улмаас учрах хохирлыг энэ даатгалаар даатгуулах боломжтой. 

Даатгалын хураамж нь даатгагч байгууллагаас болон даатгуулж байгаа зээлдэгчийн зээлийн хэмжээ, худалдан авсан орон сууцны үнэлгээнээс хамаараад харилцан адилгүй. 

Зээлдэгчийн авсан зээлийн хэмжээ ихсэх тусам даатгалын хураамжид төлөх төлбөр өндөр байна гэсэн үг.

Санхүүгийн Зохицуулах Хорооноос 8%-ийн хүүтэй зээл олгогч банкуудад даатгалын зуучлалын үйлчилгээний эрхийг олгосон учир зээл олгогч банкаар дамжуулан даатгагч байгууллагаа сонгох боломжтой юм.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй даатгалын компаниуд ихэвчлэн дараах төрлийн эрсдлээс үл хөдлөх хөрөнгийг хамгаалахаар гэрээндээ тусгасан байдаг.

-Гал, түймэр, ахуйн дэлбэрэлт

-Цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзэл

-Сантехникийн гэмтэл

-Байгалийн гамшиг

-Ахуйн эвдрэл, гэмтэл

-Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл

-Хулгай, дээрэм

Мөн зээлдэгч даатгуулагч нь даатгалын байгууллагатай байгуулж буй даатгалын гэрээндээ харилцан тохиролцож дээр дурдагдаагүй бусад нөхцлийг даатгуулах тохиолдол ч байдаг аж.




Зээлийн тооцоолуур
Фэйсбүүк чат
Холбоо барих