ДЭЛХИЙН ҮЛГЭР ЖИШЭЭ БИЗНЕСМЕНҮҮДИЙН ЧӨЛӨӨТ ЦАГААРАА ХИЙДЭГ 6 ҮЙЛДЭЛ

8/30/2018 4:50:24 PM      565

ДЭЛХИЙН ҮЛГЭР ЖИШЭЭ БИЗНЕСМЕНҮҮДИЙН ЧӨЛӨӨТ ЦАГААРАА ХИЙДЭГ 6 ҮЙЛДЭЛ

Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэх нь ажил мэргэжил, карьертаа амжилттай байх эсэхт нэн чухал аж.

Ажил бол спортын бэлтгэлтэй адил. Үзүүлэлтээ нэмэгдүүлэхийн тулд хэсэг зуурын амралт, нөхөн сэргээлт хэрэгтэй. Эс тэгвэл хамгийн өндөр үзүүлэлтийн үзүүлж чадахгүйгээс гадна бэлтгэл сургуулилалт нь таныг ядрааж, гарах үр дүн нь сулардаг. 



НЭГ: ТЭД ДАСГАЛ СУРГУУЛЬ ХИЙДЭГ Социалист нийгмийн үед оюуны стрессийг тайлах хамгийн шилдэг арга бол биеийн хүчний хөдөлмөр гэдэг байсан. Биеийн хүчний хөдөлмөр нь оюун санааг нэг зүйлд төвлөрүүлж, биеийг хөдөлгөдөг учраас стрессийн үнэхээр сайн эм юм. Улмаар биеийн хүчний хөдөлмөр нь биеийн тамир болж хувирсан гэлтэй. Ажлын дараа эсвэл амралтын өдрүүдэд хагас цагийг биеийн тамир, дасгал хөдөлгөөнд зарцуулах нь цусны эргэлтийг сайжруулж, эндорфины (тархинд ялгардаг өвчин намдаах бодис, их хэмжээгээр ялгарсан тохиолдолд тайвшруулахаас гадна эрч хүчтэй болгодог) ялгарлыг нэмэгдүүлдэг. Дасгал хийх нь булчинг хөгжүүлж, калорыг шатааж, тархин дахь хүчилтөрөгчийг нэмэгдүүлэх замаар стрессийг тайлдаг. Урт хугацаанд хийсний дараа дасгал таныг хоол хүнсний сонголт, согтууруулах ундааны хэрэглээ, цаг ашиглалт гэх мэт ажил бизнест хэрэгтэй олон зүйл дээр дэгэнд оруулж, сахилга баттай болгодог. Бас биеийн хэлбэр тэгширч, хувцас зохих нь сэтгэл санааг өргөж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг байна. Жеб Безоз: Дэлхийн жижиглэн худалдааны хамгийн том онлайн дэлгүүр болох Amazon.cом-ын үүсгэн байгуулагч. Тэрээр 2017 оны 7 дугаар сарын 27-нд Форбес сэтгүүлийн шалгаруулалтаар 90 тэрбум долларын хөрөнгөтэйгээр дэлхийн хамгийн баян хүнээр шалгарч байсан. Энэ тоо 4 сарын дараа Амазоны хувьцаа 2,5%-р өссөний дараа 100 тэрбумыг давсан. 2018 оны 1 дүгээр сарын 2-ны байдлаар нийт хөрөнгө нь 108.1 тэрбум болсон.


ХОЁР. ТЭД УНШДАГ Дундаж компанийн Гүйцэтгэх захирал мэргэжлийн чиглэлийн эсвэл уран зохиолын байхаас үл хамааран жилд 60 ном унших хэрэгтэй болдог цаг үед бид амьдарч байна. Ном уншсанаар шинэ мэдлэг авч, шинэ ертөнцөд очиж, шинэ орчинг мэдэрч, шинэ соёлд суралцаж, шинэ философитой болж, шинэ санаа олж авдаг. Түүнээс гадна, үгийн баялгийг нэмэгдүүлж, ярих, илтгэх ур чадварыг сайжруулна. Уаррен Баффет өдөрт 500 хуудас уншдаг. Карьерээ эхэлж байх үедээ дээрхээс хоёр дахин ихийг өдөрт уншдаг байжээ. Харин Билл Гэйтс жилд 50 ном уншдаг.


ГУРАВ. ТЭД СУРАЛЦДАГ Тэд үргэлж суралцаж байдаг. Өдөр бүр л суралцаж байхгүй бол өрсөлдөөнд ялагдчих гээд байдаг болсон өнөө үед боломж олдвол суралцах хэрэгтэй. Англи хэлтэй бол дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулиудын хичээлд онлайнаар үнэгүй хамрагдах боломжтой болсон.


ДӨРӨВ. ТЭД ТАНИЛ ТАЛ, БИЗНЕСИЙН ХАМТРАГЧИЙН СҮЛЖЭЭГЭЭ ТЭЛЖ БАЙДАГ Олны танил хүн, амжилттай бизнес эрхлэгч эсвэл улс төрчтэй өглөөний цай уух, сонирхлын бүлэг нэгтэй хүмүүсийн зохион байгуулж буй уулзалт, brainstorming арга хэмжээнд оролцох, мэргэжлийн байгууллагуудын сургалт, форумд суух, start up-уудын pitching сонсох гэх мэтээр танилын хүрээгээ тэлэх боломжийг тэд алддаггүй.


ТАВ. ТЭД БҮГД ХОББИТОЙ Зөвхөн ажилдаа анхаарлаа хандуулах нь амжилтад арай хурдан хүргэх байх л даа. Ингэж болох ч энэ нь таныг стрессдүүлж, нуруугаа авахуулсан морь шиг болгож, дөжрүүлж, улмаар бүтээмжийг чинь бууруулдаг. Харин хоббитой байх нь таны тархийг стрессээс холдуулж, эргэж төвлөрч, хүрэх гэж ажиллаж буйг зорилгыг чинь улам тодруулж, ур чадварыг чинь нэмэгдүүлнэ. Хобби цаг, хөдөлмөр шаарддаг байсан ч гэлээ стрессийг арилгаж чаддаг шидтэй.


ЗУРГАА. ТЭД ГЭР БҮЛ, НАЙЗУУДДАА ЦАГ ГАРГАДАГ Ажил хамгийн чухал нь биш. Кока Кола компанийн захирал “Ажил бол резинэн бөмбөг. Харин гэр бүл бол шилэн бөмбөг. Алийг нь алдвал эргэж ирэхгүй вэ гэдгийг бодолцож зохицуулалт хийх хэрэгтэй тухай агуулга бүхий үг хэлсэн байдаг. Амжилттай байна гэдэг нь зөвхөн ажил карьераас гадна гэр бүлийн амьдралтай хамгийн их хамааралтай. Эцсийн үр дүнд бид гэр бүлийнхээ аз жаргалын төлөө л ажилладаг. Дээрхийг л дагахгүй бол амжилтад хүрэхгүй гэсэн үг биш ч заримыг нь хэрэгжүүлэх нь таны амжилтанд хүрэх замыг богиносгоно гэдэгт итгэж байна. Аль нэгээс эхлээд туршаад үзээрэй.



Зээлийн тооцоолуур
Фэйсбүүк чат
Холбоо барих